Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай

2021-12-20 07:30:46

2021 оны 12 сарын 20-ны өдөр                                 Дугаар А/987                                                 Улаанбаатар хот

 

 

 

 

 

       Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж,

      авлига, хүнд суртлыг бууруулах талаар

      авах зарим арга хэмжээний тухай

 

 

       Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах зорилтын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.1.7 дахь заалт,  5 дугаар зүйлийн 5.13 дахь хэсэг, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.5 дахь заалт, УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын 5.2.4 дэх заалт, УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.1 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/09 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийг   2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 5.1.2 дахь заалт, 2/10 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.1.3.2 дахь дэд заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Хуулиар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл авахыг шаардсанаас бусад бүх төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр нийслэлийн нутаг дэвсгэрт чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн бүрдүүлэхийг нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллага, албан хаагчдад үүрэг болгосугай.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасныг зөрчиж, тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх, батламж /гэрээ/, гэрчилгээ, тодорхойлолт, дүгнэлт, үнэмлэх, гарын үсэг, бусад баримт бичгийг аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээдээс шаардахыг нийслэлийн бүх шатны нутгийн захиргааны байгууллага, албан хаагчдад хориглосугай.

 

      3.Төрийн үйлчилгээг хүнд суртал, шат дамжлагагүй, шуурхай үзүүлэх зорилгоор үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримталж ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагын албан хаагчдад үүрэг болгосугай:

 

      3.1.хуульд заасан тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрхийг холбогдох хууль, журамд заасан хугацаагаагаар олгох;

 

       3.2.төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хууль, журамд заасан хугацааг чанд баримтлах, шаардлагагүй тохиолдолд хугацааг сунгахгүй байх, сунгах тохиолдолд хууль, журамд заасан хугацааг хэтрүүлэхгүй байх;

 

     3.3.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн талаар мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарснаас бусад тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг иргэн, хуулийн этгээдийн өргөдөл /нэмэлт баримт бичиг шаардахгүйгээр/-ийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор сунгах;

 

     3.4.төрийн үйлчилгээ авахад бүрдүүлэх баримт бичгээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад байгаа баримт бичгийг хасаж, иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй байх;

 

     3.5.үзүүлж байгаа бүх үйлчилгээний нэр, төрөл, зохицуулж буй журам, бүрдүүлэх материалын жагсаалт, холбогдох бусад мэдээллийг байгууллагынхаа цахим хуудсанд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн байршуулах арга хэмжээ авч, өөрчлөлт орсон тохиолдолд 24 цагийн дотор шинэчлэх;

 

    3.6.тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгодог бол тухайн зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, зөвшөөрөл олгосон болон дуусгавар болох хугацааг цахим хуудсандаа 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

           

      3.7.энэ захирамжийн биелэлтийг харьяа байгууллагын хэмжээнд зохион байгуулж, явц, үр дүнг 14 хоног тутам Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөлд цахим хэлбэрээр ирүүлж байх.

 

   4.Дараах шаардлагыг хангаж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т даалгасугай:

 

      4.1.үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул учруулж болзошгүй бодитой эрсдэл, онцгой нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэж, борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж буй ажил, үйлчилгээнд хийх төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг 50 хувиар бууруулах;

 

     4.2.хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон хор хохирол учруулснаас бусад тохиолдолд хяналт шалгалт хийхдээ эхлээд илэрсэн зөрчил, түүний шалтгаан, нөхцөлийг арилгуулах талаар иргэн, хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, албан шаардлага өгөх, албан шаардлагын биелэлтийг хянах зорилгоор гүйцэтгэлийн шалгалт хийж байх;

 

    4.3.хяналт шалгалт хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хугацаа, журмыг чанд мөрдөж, хяналт шалгалтыг давхардуулахгүй байх;

 

     4.4.хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийх;

 

     4.5.хяналт шалгалтыг зөвхөн тухайн объектын эрсдэлийн ангиллыг үндэслэн төлөвлөх, хийх;

 

     4.6.хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг 24 цагийн дотор арилгаж, тавьсан шаардлагыг бүрэн биелүүлсэн тохиолдолд тухайн иргэн, хуулийн этгээдийн хүсэлт, давтан шалгалтын дүнг үндэслэн ногдуулсан торгуулийг хүчингүй болгох арга хэмжээ авах.

 

    5.Нийслэлд худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхэлж буй иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй болгох, хууль тогтоомж, стандарт, шаардлагын талаарх мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх, тэдний санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх нэгдсэн мэдээллийн системийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглалтад оруулахыг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар /О.Чинзориг/-т үүрэг болгосугай.

 

    6.Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хүнд суртал, хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн гомдол, маргааныг хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэх, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, Зөвлөлийн ажиллах журмыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

     7.Энэ захирамжийг олон нийтэд таниулан сурталчлах ажлыг хариуцан зохион байгуулахыг Нийслэлийн Засаг  даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Г.Хонгорзул/-т үүрэг болгосугай.

 

     8.Энэ захирамжийг зөрчсөн төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахыг холбогдох удирдах албан тушаалтнуудад даалгасугай.

 

    9.Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг багасгах, эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, хууль тогтоомж, стандарт, шаардлагыг биелүүлж ажиллахыг нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалсугай.

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                          ЗАХИРАГЧ                                              Д.СУМЪЯАБАЗАР